Иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.

Мэдээ Онцлох мэдээ
Дэлхийн Банк групп “Ухаалаг засаг 2” төслийн хүрээнд хөдөө, орон нутгийн харилцаа холбооны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана
2026/04/04
17 үзсэн

(2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр). Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дижитал салбар хариуцсан менежер Жэймс Нойманаар ахлуулсан холбогдох төлөөлөгчдийг ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Ухаалаг засаг 2” төслийн захирал Д.Цэнгүүнжав, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Зохицуулагч Б.Энхдөлгөөн, холбогдох газрын дарга, албан хаагчид оролцов.

Уулзалтын эхэнд, ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран, Дэлхийн Банк групп нь Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогыг хэрэгжүүлэхэд “Ухаалаг засаг 2” төслөөр дамжуулан бодитой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Мөн Дэлхийн Банкны айлчиллын баг, ЦХИХХЯ, Нэгдсэн төслийн удирдлага болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн багт “Ухаалаг засаг 2” төслийн хэрэгжилтэд богино хугацаанд ахиц гаргаж, төслийн дунд хугацааны үнэлгээгээр өгсөн зөвлөмж, зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэн ажиллаж буйд тусгайлан баяр хүргэв.

Айлчлалын хүрээнд талууд хөдөө, орон нутгийн харилцаа холбооны хүртээмжийг сайжруулах, шилэн кабелийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, өгөгдлийн дэд бүтэц, тооцоолол болон хиймэл оюуны хэрэглээний чиглэлээр судалгаа, туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх боломжит хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Албан томилолтын хугацаанд Дэлхийн Банкны зөвлөх Ян Ван Реес орон нутагт ажиллаж хөдөөгийн харилцаа холбооны өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах юм.

Дэлхийн Банкны санхүүжилтээр ЦХИХХЯ-ны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг 2” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх ажлын албан айлчлал 5 хоног үргэлжилнэ.