“Цахим баримт бичгийн хууль ёсны хүчинтэй байдал ба сорилт, шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас (ЦХИХХЯ) төрийн үйлчилгээний цахим шилжилтийг бүх түвшинд үр өгөөжтэй хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад цахим баримт бичгийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхөд тулгарч буй асуудлуудыг тодорхойлох, цахим шилжилтийн хэрэгжилтийн явцад тулгарч буй хүндрэл, бэрхшээл болон боломжуудыг дүгнэх, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллийн санал, зөвлөмжийг нэгтгэх нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 9 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож “Цахим баримт бичгийн хууль ёсны хүчинтэй байдал ба сорилт, шийдэл” -ийн талаар хэлэлцлээ.
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төсөл нь Монгол Улсын дижитал засаглалыг цахимжуулалтын дараагийн үе шатад хүргэн өргөжүүлэх, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж байна.