Иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.

Мэдээ Онцлох мэдээ
"Төрийн албан хаагчдын сургалтын нэгдсэн цахим платформ (www.surgalt.gov.mn)" дээрх 235 сургалтад 82,031 төрийн албан хаагч хамрагдлаа
2026/09/04
17 үзсэн

Хэрэгжүүлэгч байгууллага: Удирдлагын академи (Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд)

 1. Товч танилцуулга

Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, холбогдох бодлогын баримт бичгүүдийн шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчдыг сургах агуулга, хөтөлбөр шинэчлэгдэхийн хамт сургалтад хамрагдах албан хаагчдын тоо эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан сургалтыг зөвхөн танхимын хэлбэрээр зохион байгуулахаас гадна мэдээллийн технологийн дэвшлийг ашигласан арга хэлбэрт шилжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд үүний шийдэл нь surgalt.gov.mn платформ юм.

Уг платформыг анх “Ухаалаг засаг I” төслийн хүрээнд нэвтрүүлж байсан бол “Ухаалаг засаг II” төслөөр орчин үеийн цахим сургалтын хэрэгцээ, технологийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн өргөтгөн хөгжүүллээ.

Удирдлагын академи нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд үйл ажиллагаагаа явуулж, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албан хаагчдыг сургах, судалгаа шинжилгээ хийх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

2.Хэрэгцээ шаардлага

Сургалтад хамрагдах албан хаагчдын тоо огцом нэмэгдсэнээр танхимын сургалтын хүчин чадал хүрэлцэхгүй болсон.

Орон нутгийн болон ажлын ачаалалтай албан хаагчдын сургалтад хамрагдах хүртээмж хязгаарлагдмал байсан.

Бүртгэлтэй суралцагчдын мэдээллийн давхцал үүсэх, төрийн бусад системтэй мэдээлэл солилцох боломж хангалтгүй байсан.

Сургалтын материал, контентыг төвлөрүүлэн хадгалах, хайх, архивлах нэгдсэн шийдэл дутагдалтай.

Цахим шалгалт, лайв видео сургалт, багш-суралцагчийн шуурхай харилцааны нөхцөл хангагдаагүй.

3.Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн шийдэл

Системийн интеграц: Төрийн танилт нэвтрэлтийн ДАН, төрийн мэдээлэл солилцооны ХУР системтэй холбож, бүртгэлтэй суралцагчдын давхцлыг арилгах нөхцөлийг бүрдүүлэв.

Лайв видео сургалт: Нэгэн зэрэг 100 хүртэл хэрэглэгч хамрагдах боломжтой, HD видео болон чанартай аудио дамжуулалтыг дэмжих модулийг өргөтгөн хөгжүүлснээр сургалтын чанар, хүртээмж нэмэгдэв.

Сургалтын чат дэд систем: Багш, суралцагч болон эрх бүхий хэрэглэгчдийн хооронд асуулт асууж, хариулт авах шууд харилцааны боломжийг бүрдүүлэв.

Клоуд драйв, контентын сан: 235 гаруй сургалтын 37,030 контент, материалыг ангилах, хадгалах, хайх, архивлах боломжтой боллоо.

Гар утасны аппликейшн: UI/UX болон функциональ боломжуудыг шинэчлэн сайжруулж, веб системтэй бүрэн уялдууллаа.

Блокчейн сертификат: Сургалтын цахим сертификатын хүчинтэй байдлыг баталгаажуулснаар цаасны зардлыг хэмнэв.

Open API ба E-Mongolia 5.0 холболт: Сургалтын гүйцэтгэл, хамрагдалтын мэдээллийг бусад төрийн системтэй солилцох, иргэд болон албан хаагчдад илүү хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэв.

Төлөвлөлт, шалгалтын удирдлага: Сургалт төлөвлөлт, календарь, цахим шалгалтын модулиудыг хөгжүүлснээр үйл ажиллагааг нэг системээс цогцоор удирдах боломжтой болсон.

4.Тоон үр дүн

Төслийн хүрээнд платформыг өргөтгөн хөгжүүлснээр сургалтын хамрах хүрээ, агуулгын хэмжээ, үнэлгээний чанар бүх үзүүлэлтээр өссөн байна.

5. Ач холбогдол, дүгнэлт

Цахим платформыг өргөтгөн хөгжүүлснээр төрийн албан хаагчдын сургалт цаг, орон зайн хамаарлаас ангид болж, орон нутгийн албан хаагчдын хүртээмж нэмэгдлээ. Нийт 82,031 албан хаагч 235 гаруй сургалтын хөтөлбөрт хамрагдаж, 14 төрлийн тестийн санд суурилсан 38 шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулан 517,084 үнэлгээ хийсэн нь платформын хүчин чадал, найдвартай ажиллагааг харуулж байна.

Суралцагчдын сэтгэл ханамжийн үнэлгээ 2026 онд дунджаар 5 онооноос 4.7 болж өссөн нь сургалтын агуулга, дамжуулалтын чанар сайжирсныг илэрхийлнэ. Цахим шалгалт, чат, клоуд драйв, сургалт төлөвлөлт, календарь, гар утасны аппликейшн, лайв видео сургалт, блокчейн сертификатын модулиудыг цогцоор нэвтрүүлснээр сургалтын үйл ажиллагааг нэг системээс удирдах, багш, суралцагчдын харилцааг шуурхай болгох, сургалтын материалыг төвлөрүүлэн ашиглах боломж бүрдсэн байна.