“УХААЛАГ ЗАСАГ-2” ТӨСЛИЙН ҮР ШИМ ХҮРТЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХООРОНДОХ ТАНИЛЦУУЛГА УУЛЗАЛТ 2-Р САРЫН 20-НД БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны Төслийн дэд удирдагч хатагтай Женнифер Гуй тэргүүтэй Дэлхийн банкны ажлын хэсэг 2024 оны 2-р сарын 19-23-ны хооронд Улаанбаатар хотноо ажиллаж байгаа бил ээ.

Төслийн үр шим хүртэгч байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, чиглүүлэх, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа, худалдан авах ажиллагааны талаар болон процесс үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголттой болох зорилгоор өчигдөр буюу 2-р сарын 20-ны өдөр нийт үр шим хүртэгч байгууллагуудын хооронд “Ухаалаг засаг-2” төслийн танилцуулга уулзалт зохион байгуулагдлаа. Уг уулзалтыг нээж Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал үг хэллээ. Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Дэлхийн Банкны Хятад, Монгол болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара К.Уорвик, Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли нар оролцлоо.

Төслийн хувьд 3 зорилтын хүрээнд 45 төсөл, арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:

  1. Дижитал шилжилт хийх орчныг бүрдүүлнэ.
  2. Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулна.
  3. Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулна.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд:

– Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлнэ.

– Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн хэмнэлт гаргана.

– Зорилтот бүлгийн 13,000 иргэний цахим ур чадварыг 30%-иар нэмэгдүүлэх бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байна.

– Дижитал технологид суурилсан 3000-аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлэх юм.

“Ухаалаг засаг-2” төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2024.02.21