АНДРЕЙ МИХНЕВ: УХААЛАГ ЗАСАГ ТӨСӨЛ ДЭЛХИЙН БАНКНЫ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖСЭН ТӨСЛҮҮДИЙН НЭГ

Ухаалаг засаг төсөл 2015-2022 онд хэрэгжиж, Монгол Улсын Дижитал хөгжлийг дэмжихэд цогц хөрөнгө оруулалтыг хийсэн билээ.

 

Төслийн хэрэгжүүлэгч талууд болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банкны төлөөллүүд өнгөрөгч баасан гаригт уулзлаа.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев Ухаалаг засаг төслийг тус банкны амжилттай хэрэгжсэн төслүүдийг нэг бөгөөд Монгол Улсын дижитал хөгжил, тэр дундаа e-Mongolia системийг дэмжиж, хувь нэмэр оруулсныг онцоллоо.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат Монгол Улсын дижитал хөгжлийн зорилтыг хангахад хувь нэмэр оруулж, хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

 

Ухаалаг засаг төслийн үр дүнгээс товч дурьдвал,

 

  • Төрийн цахим мэдээллийн ихэнх хувийг хадгалж хамгаалдаг Үндэсний дата төвийн серверийн өрөөний багтаамжийг 2 дахин, өгөгдлийн сангийн багтаамжийг 3 дахин нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангасны зэрэгцээ байгалийн гамшиг, онцгой байдлын үед ашиглах Үндэсний дата төвийн Нөөц төвийг ашиглалтад оруулж төрийн цахим үйлчилгээний аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангаад байна.
  • Төрийн 12 байгууллагын 100 гаруй үйлчилгээг цахимжуулж, Цахим монгол платформд нэгтгэв. Эдгээр үйлчилгээг иргэд, ААН 3 сая удаа цахим хэлбэрээр авч, иргэдээс гарах зардлаас 47 тэрбум төгрөг хэмнэсэн байна.
  • Үндэсний статистикийн хорооны мэдээлэл боловсруулах системийг шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлснээр мэдээлэл боловсруулах хугацаа 2 дахин багасаж нээлттэй мэдээллийн тоо нэмэгдлээ.
  • Төслийн иргэдийн оролцоог дэмжих зорилтын хүрээнд иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн системийг шинэчилснээр дуудлага хүлээн авах чадамж 2 дахин нэмэгдэж санал, хүсэлт шийдвэрлэлтийн явцыг иргэд өөрсдөө хянах боломжтой боллоо.
  • Иргэдийн санал хүсэлт, уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарын болон ковидын мэдээллийн дүн шинжилгээний цахим самбарыг (BA dashboard) боловсруулж, шийдвэр гаргах түвшний албаны хүмүүс бодит цагийн горимоор ашиглаж байна.
  • Ковид-19 цар тахлыг мэдээллийн технологийн шийдлээр даван туулах хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлсний нэг нь төрийн байгууллагууд дундаа ашиглах боломжтой, аюулгүй байдлыг хангасан цахим уулзалт, хурлын нэгдсэн шийдэл бүхий программ хангамжийг ашиглаж эхэлсэн бөгөөд нийт дүнгээр 526 удаагийн байгууллага хоорондын цахим хурлыг хийжээ.

 

 

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2022.06.20