ТУН УДАХГҮЙ: Монгол Улсын Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг танилцуулна

 

Монгол Улсын нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний тайлангийн төсөлд санал авах зөвлөлдөх уулзалт өнөөдөр/2018.09.14/ Үндэсний хөгжлийн газрын хурлын танхимд боллоо.

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд Монгол Улсын нээлттэй өгөгдлийн бэлэн байдлыг үнэлэх судалгааг хийж, үнэлгээний тайлан болон нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хувилбарыг бэлэн болгоод байна.

 

Үнэлгээний тайлангийн төсөлд санал авах зөвлөлдөх уулзалтад НӨ-ийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, чиглүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, судалгаанд оролцсон төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

 

Судалгааны багийн зөвлөхүүд, уулзалтад оролцогчид НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙГ – “Төр үүцээ задлахуй”, “Шинэ зууны түүхий эд”, “Төр-төр-иргэн-хувийн хэвшил–төрийн бус байгууллага хоорондын тогтвортой, үр дүнтэй  хамтын ажиллагааны  хэрэглүүр” хэмээн тодорхойлж байна.

 

НӨ-ийн бэлэн байдлыг үнэлэх судалгааг Дэлхийн банкнаас гаргасан аргачлалаар хийжээ. Судалгаанд нийт 41 байгууллагын төлөөлөл оролцож, давхардсан тоогоор 594 асуулгад авсан нотлох хариултыг үндэслэн манлайлал, бодлого эрх зүйн орчин, төрийн хариуцлага-чадамж, төрийн өгөгдлийн менежмент, эрэлт, боломж, санхүүжилт, технологи-дэд бүтэц гэсэн 8 хэмжээст үнэлгээг өгсөн байна.

 

НӨ-ийн бэлэн байдлын үнэлгээний тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөө, зөвлөмжийг энэ сарын сүүлээр эцэслэн боловсруулж, танилцуулах юм байна.

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж  2018.09.14