Ухаалаг засаг төслийн оролцогч талууд хамтран ажиллалаа

Ухаалаг засаг төслийн оролцогч талууд өнгөрсөн долоо хоногийн турш  зөвлөлдөх уулзалт, нэгдсэн уулзалт хийж, хамтран ажиллалаа.

 

Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн банкны албаны хүмүүс 2019 оны 10 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж, төслийн оролцогч талуудтай уулзалт хийж, төслийн хүрээнд хийгдсэн ажлууд, хийгдэж байгаа ажлууд,  арга хэмжээний төлөвлөгөө, төслийн үр дүнгийн талаар хэлэлцлээ.

 

 

Албан томилолтын үеэр Дэлхийн банкны дижитал хөгжлийн ахлах мэргэжилтэн, Ухаалаг засаг төслийн багийн ахлагч Сайоу Чью Күек тэргүүтэй төлөөлөгчид Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Ухаалаг засаг төслийн захирал Ж.Тамир, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж, Ухаалаг засаг төслийн зохицуулагч Ч.Нургул нартай уулзсан юм.

 

Ухаалаг засаг төслийн хүрээнд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим системийг олон даяар ашиглаж эхэлсэн билээ. Үндэсний дата төвийн нөөц төвийг Дарханд байгуулж байна. Хур системийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Төрийн энтерпрайз архитектурын платформыг нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулж, нээлттэй өгөгдлийн санаачлагыг идэвхжүүлсэн юм. Статистикийн мэдээллийг боловсруулах системийг шинэчлэхэд бэлэн болоод байгаа юм.

 

Ирэх онд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 11-11 төвийн системийг шинэчлэх, бизнес-аналитикийн дүн шинжилгээ хийх систем нэвтрүүлэх, төрийн 39 үйлчилгээг 24/7 цахим хэлбэрээр хүргэх, Төрийн үйлчилгээний нэгдсэн порталын ашиглалтад оруулах, Нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталыг ашиглалтад оруулах, Инновацийн хөтөлбөрийг хэрэгжүүлж гарааны бизнесийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдын нэг цонхны үйлчилгээний системийг нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэнэ.

 

 

Ухаалаг засаг төслийн төсөл хэрэгжүүлэх нэгж

2019.10.14