“ТӨРИЙН ЭНТЕРПРАЙЗ АРХИТЕКТУР”-ЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Төрийн энтерпрайз архитектурыг загварчилж, төрийн 3 байгууллагад нэвтрүүлнэ”

“Төрийн энтерпрайз архитектур, өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох нь” семинар 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо.

 

Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Энтерпрайз архитектурыг төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа юм.

 

“Төрийн энтерпрайз архитектур” нь төрийн үйл ажиллагаа нэг бүрийг судалж, иргэн төвтэй төрийн үйлчилгээг хүргэх технологийн боломжуудыг оновчтой үр дүнтэй ашиглахад чиглэсэн үйл ажиллагааны цогц юм. Энгийнээр тайлбарлавал “мэдээллийн технологийн шийдлүүд, хүний нөөц, бусад нөөцүүд, чиг үүргийн уялдаа холбоог бүрдүүлсний үр дүнд төрийн үйл ажиллагааг илүү  үр дүнтэй, хэмнэлттэй удирдах, зохион байгуулах” ойлголт юм.

 

Семинарыг УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Тамир нар нээж үг хэлэв. Семинарт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, агентлаг, аймаг нийслэлийн  мэдээллийн технологийн нэгжийн дарга, мэргэжилтнүүд нийт 80 гаруй хүн оролцсон юм.

 

Семинарын үеэр төрийн энтерпрайз архитектурыг загварчлах, өгөгдлийн солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд хийгдэх ажлууд болон Энтерпрайз архитектурын дэлхийн чиг хандлагын талаар олон улсын зөвлөх, 30 жилийн туршлагатай архитекторч Клаус Д.Неманн, төслийн багийн гишүүд мэдээлэл хийлээ. Семинарт оролцогч-төрийн мэдээллийн технологийн удирдах ажилтнууд Монгол Улсын төр үйл ажиллагаа, үйлчилгээнд Энтерпрайз архитектурыг нэвтрүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

 

“Ухаалаг засаг” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Төрийн энтерпрайз архитектур ба харилцан уялдаа” дэд төслийн хүрээнд Засгийн газрын түвшинд бүхэлд Төрийн энтерпрайз архитектур (ТЭА)-ыг загварчилж, төрийн 3 байгууллагад нэвтрүүлэх, өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлээд байгаа билээ. Монгол Улсын ТЭА-ын өнөөгийн байдлын судалгааг хийж, ТЭА-ын техник, дэд бүтцийн, аппликэйшний, өгөгдлийн, бизнесийн жишиг, аюулгүй байдлын загварууд, ТЭА болон өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх төлөвлөгөө, зөвлөмж, үнэлгээний аргачлалыг боловсруулж, ТЭА-ын платформыг төрийн 3 байгууллагад нэвтрүүлж, сургагч багш нарыг бэлтгэх юм.

 

Энтерпрайз архитектурыг төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд нэвтрүүлснээр:

 

  • Төрийн үйл ажиллагааны бизнес процессыг сайжруулахад нөлөө бүхий дэмжлэг үзүүлнэ.
  • Мэдээллийн систем, технологийн тоног төхөөрөмж, түүний ашиглалт үйлчилгээнд гаргах зардлыг хэмнэнэ.
  • Давхардсан хөрөнгө оруулалт багасна.
  • Илүү их мэдээлэл /өгөгдөл/-ийг хуваалцана.
  • Урт хугацааны бодлого, стратегийг илүү үр дүнтэй хэрэгжүүлнэ.
  • Өрсөлдөх чадвар сайжирна.

 

 

 

 

 

 

 

 

Ухаалаг засаг төслийн

Төсөл хэрэгжүүлэх нэгж

2019.06.27