Цахим хэлэлцүүлэг хийв

Ухаалаг засаг төслийн оролцогч талын төлөөллүүд өнгөрөгч Баасан гаригт цахимаар уулзаж, төслийн үр дүнгийн хүрээ, үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг хэлэлцлээ.

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилгоор энэ удаагийн хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлгээр төслийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт, тэдгээрийг хэрхэн бодитой хэмжих арга, хугацаа, төслийн үр дүнг дээшлүүлэхэд хэрэгжилтэд юуг анхаарч ажиллах асуудлаар санал солилцов.

 

 

Төслийн үр дүнд Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлж Хур системд холбогдох байгууллагын тоог 2 дахин нэмэгдүүлж, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгох дундаж хугацаа 14 хоног байсныг 7 хоног болгон багасгаж, эд хөрөнгийн бүртгэлийн лавлах үйлчилгээг 11 аймагт 3 хоногт авдаг байсан бол 30 секунд болгон багасгаж, дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, тогтвортой ажиллуулах хүний нөөцийг бэлтгээд байна.

 

Өнөөдрийн байдлаар төрийн цахим санах ойг байглийн гамшиг, бусад эрсдлээс 100% хамгаалах Нөөц дата төвийг Дархан хотод байгуулах, төрийн 30 үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх, иргэдээс Засгийн газартаа хандах хандалтын тоог 3 дахин нэмэгдүүлэх, 3 хоногийн дотор шийдвэрлэх өргөдөл гомдлын хувь хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлтэд бодитоор дүн шинжилгээ хийн оновчтой шийдвэр гаргуулах шийдлийг нэвтрүүлэх, мэдээллийн технологийн нэгдсэн стандартыг нэвтрүүлэх, төрийн нээлттэй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулан ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын мэдээлэл солилцооны шинэ шийдлийн ажлыг тус тус гүйцэтгэж байна.

 

Уг цахим хэлэлцүүлэгт ЗГХЭГ, ҮСХ, ХХМТГ, УБЕГ, Дэлхийн банк, Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж нийт 6 байгууллагын 13 албан хаагчид оролцсон юм.

 

Ухаалаг засаг төсөл хэрэгжүүлэх нэгж
2020.03.23