Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Монгол Улсын статистикийн мэдээлэл боловсруулах чадавхыг бэхжүүлэх зорилтыг тавин амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
“Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалтыг Монгол Улсын Үндэсний статистикийн хороо манлайлан Ухаалаг засаг төслийн дэмжлэгтэйгээр 2019 оны 5 дугаар сарын 22-24 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Дээд түвшний бүлэг нь 24 улсын статистикийн газар, хэлтсийн дарга нарын гишүүнчлэлээс бүрддэг юм. Энэ бүлэг нь “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд статистикийн түншлэл, хамтын ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах, оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэхэд улс, орнуудад дэмжлэг үзүүлэх төдийгүй дэлхийн түвшний мэдээллийг НҮБ-ын Статистикийн комиссын чуулганд мэдээлэх үүрэгтэй юм.
Энэхүү дээд түвшний бүлгийн даргаар Монгол Улсын статистикийн хорооны дарга А.Ариунзаяа сонгогдсон бөгөөд энэ удаагийн уулзалтад НҮБ-ын статистикийн хэлтсийн дарга Стейфан Швайнфест, Дэлхийн банкны хөгжлийн мэдээллийн бүлгийн дарга Хайшан Фу, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын статистикийн хэлтсийн дарга Гэмма Ван Халдэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын статистикийн хэлтсийн дарга Хосе Росеро Монкаё болон Дээд түвшний бүлгийн гишүүд, Олон улсын байгууллагаас 30 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалтаар Дээд түвшний бүлгийн гишүүнчлэл, тэдний үүрэг оролцооны тухай болон 2020 онд Швейцарт болох НҮБ-ын гурав дахь дата форумын баримт бичгүүдийг хянах, статистикийн санхүүжилт, НҮБ-ын статистикийн системийг илүү үр ашигтай болгох зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
УХААЛАГ ЗАСАГ ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ