НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙН БОДЛОГО, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА 

Цахим засаглалын хөдөлгөгч хүч, шинэ зууны баялаг-НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ-ийг хөгжүүлэх нь Ухаалаг засаг төслийн зорилтуудын нэг билээ.

 

Уг зорилтын хүрээнд нээлттэй өгөгдлийн бодлого, хууль, эрх зүйн тогтолцоог бий болгох ажлыг гүйцэтгэж байгаа хуулийн зөвлөх баг, нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний тайланг гаргасан багийн ахлах зөвлөх, Ухаалаг засаг төслийн багийн хамтарсан зөвлөлдөх уулзалт боллоо.

 

Уулзалтын үеэр Монгол Улсад нээлттэй өгөгдлийн бодлого, хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд ЮУ ХИЙХ шаардлагатай байгаа талаар талууд санал солилцов.

 

Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний багийн ахлах зөвлөх, доктор Г.Амарсанаа:

-Нээлттэй өгөгдлийг “ашиглаж, хэрэглэж, дахин түгээж болдог нээлттэй лиценз”-тэйгээр нийтэлж байж л нээлттэй өгөгдөл болно. Төрийн зарим байгууллагууд өгөгдлийг вэбсайтдаа нийтэлсэн байдаг боловч тэр нь энэхүү лиценз байхгүйгээс хоёрдогч этгээд тухайн өгөгдөлтэй зөвхөн танилцах эрхтэй, ашиглах, боловсруулах, дахин түгээх, дамжуулах боломжгүй байдаг гэдгийг онцолсон юм.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгаар “Соёмбо Легал Партнерс” ХХН  нээлттэй өгөгдлийн бодлого, хууль, эрх зүйн тогтолцоог бий болгох ажлыг өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн гүйцэтгэж байна. Уг ажлын хүрээнд нээлттэй өгөгдлийн бодлого, хууль эрхзүйн тогтолцоог бий болгоход шаардлагатай бүх төрлийн судалгааг хийж, хууль эрх зүйн актын төслийг боловсруулж, зөвлөмж гаргана. Өнгөрсөн хугацаанд хуулийн зөвлөх баг нээлттэй өгөгдлийг бий болгоход шаардлагатай хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилсан тандан судалгааг хийж гүйцэтгэжээ.

 

Зөвлөлдөх уулзалтад “Соёмбо Легал Партнерс” ХХН-ийн гүйцэтгэх захирал, хуульч Б.Баатарсайхан, хуульч Д.Алтансүх, Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний багийн ахлах зөвлөх, доктор Г.Амарсанаа, Ухаалаг засаг төслийн зохицуулагч Ч.Нургул нар оролцлоо.

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2020.02.21