ДЭЛХИЙН БАНКНЫ ДУНД ХУГАЦААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-ны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг-2” төслийн хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийх Дэлхийн Банкны төлөөлөгчид 09 сарын 25-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсын Улаанбаатар, Өвөрхангай аймагт ажиллаж төслийн үр шим хүртэгч талуудтай уулзалт хийж төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлэн, ажлын явцыг эрчимжүүлэх талаар цаашдын төлөвлөгөөний алхмуудыг хэлэлцлээ.
Албан томилолтын үеэр Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгч Таехюн Ли Төслийн багийн удирдагч, дижитал ахлах мэргэжилтэн Сиоу Чев Куек тэргүүтэй дижитал багийн төлөөлөгчдийг ЦХИХХЯ-ны сайд Э.Батшугар, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төслийн Удирдах Хорооны дарга Ч.Золбаяр, Цахим шилжилтийн бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч, Төслийн захирал Д.Батбаяр, Төслийн зохицуулагч Б.Энхдөлгөөн нар холбогдох албан тушаалтнуудын хамт хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх стратеги, тулгамдаж буй асуудлууд болон цаашид авах арга хэмжээний талаар санал зөвлөмж солилцлоо.
Дэлхийн банкны айлчлалын баг төслийн үр шим хүртэгч талуудаас МУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, “Үндэсний дата төв” УТҮГ, “И-Монгол академи”, ТХУАГ-ын холбогдох албан тушаалтнууд, зөвлөхүүдтэй уулзаж тэргүүлэх ач холбогдол бүхий дэд төслүүдийн хэрэгжилтийн явц, төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэж хэрэгжиж буй төслүүдийг үнэлэн ажиллаа. Түүнчлэн айлчлалын баг Улаанбаатар хотноо ажиллахын зэрэгцээ Өвөрхангай аймагт зочилж орон нутаг дахь дижитал төрийн үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцахын хамт тулгарч буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх боломжтой санал, шийдлүүдийн талаар Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүстэй санал солилцсон юм.