Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дижитал салбар хариуцсан менежер Жэймс Нойманаар ахлуулсан баг 11-р сарын 17-20-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, “Ухаалаг засаг 2” төслийн хэрэгжилт болон цаашдын төлөвлөгөөний талаар холбогдох байгууллагуудтай уулзалт хийлээ. Айлчлалын багийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болон төслийн үр шим хүртэгч байгууллагууд хүлээн авч хамтын ажиллагааны өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ.
Айлчлалын хүрээнд:
ЦХИХХЯ-ны сайд Э.Батшугар, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төслийн удирдах хорооны дарга Ч.Золбаяр нар Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли, бүсийн дижитал салбар хариуцсан менежер Жэймс Нойман, төслийн багийн ахлагч Сиоу Чев Куек нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газрын дижитал хөгжил, инновацын бодлогыг дэмжихэд оруулж буй төслийн хувь нэмрийг онцлон тэмдэглээд, цаашид хиймэл оюун ухаан, цахим эдийн засгийг хөгжүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, хөдөөгийн харилцаа холбооны сүлжээний хүртээмжийг сайжруулах, төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг Дэлхийн Банкны зүгээс илэрхийллээ.
Мөн айлчлалын баг төслийн үр шим хүртэгч байгууллагууд болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Авлигатай тэмцэх газар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хэрэгжиж буй ажлын явц, цаашдын төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
ЦХИХХЯ: МУ-ын хөдөө орон нутгийн харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар холбогдох талуудтай уулзаж, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлохын сацуу ЦХИХХЯ-д хэрэгжиж буй дэд төслийн хэрэгжилттэй танилцлаа.
“Ухаалаг засаг 2” төслийн хүрээнд:
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар: Засгийн газрын үйл ажиллагааны цахим систем хөгжүүлэлт, хиймэл оюун ухаан болон тоног төхөөрөмжийн шинэчлэл,
Авлигатай тэмцэх газар: Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн системийг шинэчлэх, хөгжүүлэх,
Сангийн яам: Төрийн цахим худалдан авах ажиллагааны системийн шинэчлэл, хиймэл оюун ухааны модуль хөгжүүлэлт болон холбогдох хууль, журмын боловсруулалтыг сайжруулах чиглэлээр тус тус хамтран ажиллаж байна.