“Ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх Үндэсний цахим элч” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй  “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд  ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой Үндэсний цахим элч хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 2025 оны 01-р сарын 21-ний өдөр үр дүнгээ тайлагнаж хаалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П. Алтан-Од болон Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли нар уг үйл ажиллагааг нээж үг хэлэв. 

Тус хөтөлбөрийн хүрээнд 137 сайн дурын оюутан, залуус, ахмадыг сонгон шалгаруулж, цахим ур чадварын сургагч багш болгон бэлтгэсэн ба эдгээр сайн дурын сургагч багш нарын тусламжтайгаар  2024 оны 10 сарын 10-наас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал буюу 3 сарын хугацаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, хөдөө орон нутгийн 13 аймаг улсын хэмжээнд давхардсан тоогоор 1277 ахмадуудад өдөр тутамд нь хэрэгцээтэй ухаалаг гар утас, интернэт хэрэглээ, харилцаа холбоо, төрийн үйлчилгээ, банк төлбөр тооцоо, контент бүтээх зэрэг сэдэв, агуулгын хүрээнд цахим ур чадварын сургалт зохион байгуулсан билээ. Энэ агуулгын хүрээнд “Ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх гарын авлага” ном боловсруулан хэвлүүлж сургалтад хамрагдсан ахмадуудад хүргэсэн нь ахмадуудын сэтгэлд хүрсэн хэрэгцээт ширээний ном болж чадсан гэдэгт итгэлтэй байна. 

Хөтөлбөрийн бас нэг шинэ ололт нь өмнө нь хөндөгдөж байгаагүй нийгмийн асуудал болох залуу болон ахмад үе хоорондын харилцаа, ойлголцлыг сайжруулах ач холбогдолтой. Энэ нь хөтөлбөрт хамрагдсан залуучууд болон ахмадуудын олон эерэг сэтгэгдэл, талархлаас харагдсан юм. 

 

Холбоо барих мэдээлэл:

Төсөл хэрэгжүүлэх нэгж
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Самбуугийн гудамж, Сити капитал оффис, 3 давхар, 301 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс
И-мэйл: info@smart.gov.mn
Утас: (976)-51-261068