Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн банкны албаны хүмүүс 2025 оны 4-р сарын 21–25-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Төв аймагт ажиллаж, төслийн үр шим хүртэгч талуудтай уулзалт хийж, төслийн хүрээнд хийгдэж байгаа дэд төсөл, арга хэмжээний явцыг эрчимжүүлэх, цаашдын төлөвлөгөөний алхмуудын талаар хэлэлцлээ.
Албан томилолтын үеэр Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Таехюн Ли, Цахимын ахлах мэргэжилтэн, Төслийн багийн удирдагч Сиоу Чев Куек тэргүүтэй, Цахимын ахлах мэргэжилтэн, Төслийн багийн дэд удирдагч Женнифер Гуй, Цахимын ахлах зөвлөх Себастьян Фүү /цахимаар/ болон бусад төлөөлөгчдийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн удирдах хорооны дарга П.Алтан-Од; Цахим шилжилтийн бодлого зохицуулалтын газрын дарга, Төслийн захирал Б.Бат-Өлзий; Кибер аюулгүй байдлын бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Пүрэвням; Төрийн үйлчилгээний дахин загварчлалын хэлтсийн дарга Д.Батбаяр нар бусад албан тушаалтнуудын хамт хүлээн авч уулзсан ба уулзалтын үеэр төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх стратеги, тулгамдаж буй асуудлууд болон цаашид авах арга хэмжээ, алхмуудын талаар санал зөвлөмж солилцлоо.
Дэлхийн банкны айлчлалын баг төслийн үр шим хүртэгч талуудаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин; Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим засаглал, мэдээллийн технологийн газрын дарга Б.Билэгдэмбэрэл; Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Баясгалан; Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн дарга Б.Ганзориг; Үндэсний Дата Төв УТҮГ-ын захирал М.Баттулга; И-Монгол Академи УТҮГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Өнөрцэцэг болон бусад холбогдох албан тушаалтнууд, зөвлөхүүдтэй уулзаж тэргүүлэх ач холбогдол бүхий дэд төслүүдийн хэрэгжилтийн явц, төсвийн зарцуулалтын талаар хэлэцэж, хянан ажиллаа.
Айлчлалын баг Улаанбаатар хотноо ажиллахын зэрэгцээ мөн Төв аймагт зочилж аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Төв аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга О.Эрхэмбаатар нартай уулзаж, цахимжилт болон төрийн үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцан цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон юм.