Нөөц дата төвийг бий болгох техникийн зөвлөх үйлчилгээний ажил эхэлнэ
Үндэсний дата төвийн нөөц төвийг бий болгох техникийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх гэрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, “Микросити” ХХК-ийн Ц.Нямхүү нар гарын үсэг зурлаа

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Үндэсний дата төвийн нөөц төвийг бий болгох техникийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх гэрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, “Микросити” ХХК-ийн Ц.Нямхүү нар энэ сарын 27-ны өдөр гарын үсэг зурлаа. 

 

 

 

Энэхүү зөвлөх үйлчилгээгээр цахим засгийн дэд бүтцийг бэхжүүлэх, найдвартай ажиллагааг хангах Үндэсний дата төвийн нөөц төвийг Монгол Улсад бий болгох зорилгоор олон улсын TIER-3 стандартын шаардлага хангасан технологийн шийдэл, техникийн тодорхойлолт, бизнес төлөвлөгөө болон холбогдох техникийн баримт бичгийг боловсруулж, дэмжлэг үзүүлэх юм.  

 

Гарын үсэг зурах арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, “Ухаалаг засаг” төслийн захирал Ч.Даваажамц, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга Д.Батбаяр, “Ухаалаг засаг” төслийн зохицуулагч Ч.Нургул,  “Микросити” ХХК-ийн Төслийн удирдагч Л.Хангал, тус компанийн хамтрагч “Шнейдар Электрик Монголиа” компанийн ерөнхий менежер С.Ариунзаяа нар оролцлоо.