Канад улсын, Оттава хотод зохион байгуулагдсан Хиймэл оюун ухаан инженерчлэлийн IV олон улсын чуулга уулзалтад МУ-ын төрийн албаны төлөөллүүд оролцов
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй Ухаалаг засаг-2 төслийн чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээлэл холбооны сүлжээний төлөөлөгчид Канад улсын Оттава хотод зохион байгуулагдсан Хиймэл оюун ухаан инженерчлэлийн IV олон улсын чуулга уулзалтад оролцож, цахим засаглал, дижитал шилжилт, төрийн цахим үйлчилгээ, хиймэл оюун ухааны чиглэлээр Канадын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Төрийн сангийн зөвлөлийн ажлын албаны ажилтнуудтай уулзалт хийв.
Хоёр талын уулзалтуудын үеэр ЦХИХХЯ-ны Цахим шилжилтийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Бат-Өлзий манай улсын мэдээлэл технологийн салбар, E-Mongolia платформ, төрийн үйлчилгээний цахим шилжилтийн талаар канадын талд танилцуулга хийв. Канадын ЗГХЭГ-ын Хиймэл оюун ухаан хариуцсан Туслах дэд сайд Жан Пол Донохю хиймэл оюун ухааныг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх, Засгийн газрын байгууллагуудад хиймэл оюун ухааны хэрэглээг идэвхжүүлэх, тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаанаасаа танилцуулав. Канадын Төрийн албаны зөвлөлийн ажлын алба төрийн үйлчилгээг цахимжуулах, төр, засгийн бусад байгууллагыг удирдлага, арга зүйгээр хангах, Үндэсний хиймэл оюун ухааны стратегийн хэрэгжилтийг хангах, Канадын Гадаад хэргийн яам хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын чиглэлээр мэдээлэл, туршлагаасаа хуваалцлаа.
Элчин сайд Э.Сарантогос УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчдийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан, мэдээлэл технологийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар ажил хэрэгч уулзалт хийв. Мэдээлэл технологийн салбар нь Монгол, Канадын Иж бүрэн түншлэлийн харилцааны ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааны тэргүүлэх таван чиглэлийн нэг юм. Энэ удаагийн уулзалт, арга хэмжээ нь энэ салбарын хамтын ажиллагааны бодит эхлэлийг тавихад чухал ач холбогдолтой боллоо.
Эх сурвалж: Embassy of Mongolia to Canada