ТӨРИЙН ЭНТЕРПРАЙЗ АРХИТЕКТУРЫН ПЛАТФОРМЫГ НЭВТРҮҮЛНЭ

Төрийн 3 байгууллагын энтерпрайз архитектур загварыг платформ дээр танилцуулах, санал авах, хэлэлцэх, сайжруулах зорилго бүхий семинарыг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Уг семинарыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн “Төрийн энтерпрайз архитектур болон өгөгдөл солилцох нэгдсэн тогтолцоог бий болгох” дэд төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

 

 

Төрийн дижитал шилжилтийн үндсэн суурь Төрийн энтерпрайз архитектур (ТЭА) болон өгөгдөл солилцох нэгдсэн тогтолцоог бий болгох ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар төслийн зөвлөх багтай хамтран 2019 оны 4 дүгээр сард эхлүүлсэн.  Уг дэд төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар Монгол Улсын ТЭА-ын өнөөгийн байдлын судалгаа, олон улсын туршлагын судалгаа, иргэдийн өндөр эрэлттэй төрийн үйлчилгээний судалгааг хийж,  ТЭА-ыг нэвтрүүлэх 3 байгууллага буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зам тээвэр хөгжлийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтнуудтай хамтран шинжилгээ хийж, энтерпрайз архитектур загварыг гаргаж, платформыг хөгжүүлжээ.

 

Энэ удаагийн семинараар дээр дурьдсан 3 байгууллагын энтерпрайз архитектур загварыг платформ дээр танилцуулж, загвар орсон ажлыг хариуцан ажиллаж байгаа албан хаагчдаас санал авч, хэлэлцүүллээ. Семинарт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зам тээвэр, хөгжлийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам ХХН, Авто тээврийн үндэсний төвийн 20 гаруй албан хаагчид оролцож байна. Төслийн амжилттай хэрэгжүүлэх зорилгоор эдгээр албан хаагчид өөрсдөө ТЭА-ын платформд бодит мэдээлэл, өгөгдөл оруулж, ТЭА-ын загварыг сайжруулахад саналаа өгч, хийнгээ суралцаж, бусад төрийн албан хаагчдыг мэдээлэлжүүлэх, сургахад төслийн багтай хамтран ажиллах юм.

 

 

 

“Төрийн энтерпрайз архитектур”- нь төрийн үйл ажиллагаа нэг бүрийг судалж, иргэн төвтэй төрийн үйлчилгээг хүргэх технологийн боломжуудыг оновчтой үр дүнтэй ашиглахад чиглэсэн үйл ажиллагааны цогц юм. Энгийнээр тайлбарлавал “мэдээллийн технологийн шийдлүүд, хүний нөөц, бусад нөөцүүд, чиг үүргийн уялдаа холбоог бүрдүүлсний үр дүнд төрийн үйл ажиллагааг илүү  үр дүнтэй, хэмнэлттэй удирдах, зохион байгуулах” ойлголт юм.

 

Уг дэд төслийн хүрээнд Засгийн газрын түвшинд Төрийн энтерпрайз архитектурыг загварчилж, төрийн 3 байгууллагад нэвтрүүлэх, өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгоно. ТЭА-ын техник, дэд бүтцийн, аппликэйшний, өгөгдлийн, бизнесийн жишиг, аюулгүй байдлын загварууд, ТЭА болон өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх төлөвлөгөө, зөвлөмж, үнэлгээний аргачлалыг боловсруулж, ТЭА-ын платформыг төрийн 3 байгууллагад нэвтрүүлж, сургагч багш нарыг бэлтгэх юм. Төслийн үр  дүнд ТЭА-ын загварт тулгуурлан төрийн байгууллага бүр төлөвлөх, давхцалгүй нэгдсэн төлөвлөгөө хийх, үр дүнтэй урт хугацааны бодлого, стратеги боловсруулагдах боломж бий болно.

 

Ухаалаг засаг төслийн
Төсөл хэрэгжүүлэх нэгж
2019.08.30