СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ЭНЭ ОНД БҮРЭН ШИНЭЧИЛНЭ

Статистикийн мэдээллийн системийг шинэчлэх дэд төслийн оролцогч талуудын хамтарсан уулзалт өнөөдөр (2020.01.23) Үндэсний статистикийн хороонд боллоо.

 

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа  Ухаалаг засаг төслийн хүрээнд цахим засаглалын суурь хүчин зүйлсийн нэг-Нээлттэй өгөгдлийг хөгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

 

Энэ зорилтын хүрээнд Үндэсний статистикийн хорооны Мэдээлэл боловсруулах системийг шинэчлэн хөгжүүлэх, дэд бүтцийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх ажлыг 2020 онд хийж дуусгана.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо “Ай Ти Зон” ХХК болон “GN soft” компанийн түншлэлтэй өнгөрсөн оны 12 дугаар сард гэрээ байгуулан уг ажлыг эхлүүлсэн юм. Гэрээ байгуулснаас хойш ажлын хэсгийн түвшинд олон удаагийн уулзалт хийж, системийн шаардлагыг тодорхойлж, тоног төхөөрөмжийн шийдлийг хэлэлцжээ.

 

Өнөөдрийн хамтарсан уулзалтад төслийн оролцогч талуудын удирдлага, албан хаагч, ажилтан, инженерүүд бүгд оролцож, уг төслийн ажлын төлөвлөгөө, систем болон дэд бүтцийн шийдэл, хүлээгдэж буй үр дүнгийн талаар ярилцлаа.

 

Уулзалтад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Мэдээллийн технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн, “Ухаалаг засаг” төслийн зохицуулагч Ч.Нургул, Ай Ти Зон ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн нар оролцлоо.

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2020.01.23