ТӨРИЙН НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

Төрийн нээлттэй өгөгдөл хэлэлцүүлгээс шинэ бүтээгдээхүүн, шинэ шийдлүүдийн түүхий эд-өгөгдлийг түгээх төлөвлөгөөнд оруулах санал, зөвлөмж гаргахаар тогтов.

Төрийн нээлттэй өгөгдөл хэлэлцүүлэг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөх танхим”-д амжилттай боллоо. Хэлэлцүүлгээс шинэ бүтээгдээхүүн, шинэ шийдлүүдийн түүхий эд-өгөгдлийг түгээх төлөвлөгөөнд оруулах санал, зөвлөмж гаргахаар тогтов.

 

 

Хэлэлцүүлэгт  нээлттэй өгөгдлийг нийлүүлэгч буюу төрийн байгууллагын мэдээлэл, мэдээ боловсруулалт хариуцсан албан хаагчид болон хэрэглэгч буюу Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Соросын сан, Хараат бус судалгааны хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Интерактив ХХК-ын төлөөлөл оролцлоо.

 

Тайлбар: Төрийн нээлттэй өгөгдөл нь машинд уншигддаг, боловсруулагдаагүй, ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардагдахгүйгээр авч, ямар ч зорилгоор ашиглах боломжтой, зарим тохиодолд нээлттэй хэлбэрт байдаг,  барааны тэмдэг, зохиогчийн эрх хамаарахгүй өгөгдөл мэдээлэл юм. (Gartner, Hype Cycle for Government Transformation, 2011).

 

 

Тодруулбал, статистикийн мэдээ, төсөв, тендерийн мэдээ, төсвийн зарцуулалт, хууль эрх зүйн актууд, үндэсний газрын зураг, цаг агаарын мэдээ, орон зай байршлын мэдээ, газар эзэмшигчийн мэдээ зэрэг өгөгдлийг үнэ төлбөргүй, машин уншигдах хэлбэрт шилжүүлэн нээлттэй түгээж болно.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын төрийн нээлттэй өгөгдлийг түгээх нэгдсэн порталыг data.gov.mn домайнээр дамжуулан нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгааг онцоллоо.

 

Хэлэлцүүлгийн чиглүүлэгч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц Төрийн нээлттэй өгөгдөл хөгжүүлэх нь  “үүцээ задлахуй” хоршоо үгтэй утга дүйж буйг онцолсон юм.

 

Хэлэлцүүлэг төрийн нээлттэй өгөгдлийн тухай, төрийн нээлттэй өгөгдлийн өнөөгийн байдал гэсэн 2 хэсэгт хуваагдан өрнөсөн бөгөөд хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид Төрийн нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх төлөвлөгөөнд оруулах зөвлөмжийн талаар санал солилцсон юм.

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2016.11.30