Таур эксчэнж Азийн чуулга уулзалт оролцлоо

“Ухаалаг засаг” төслийн дэмжлэгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын төлөөлөгчид Сингапур Улсад болсон “Таур эксчэнж” Азийн чуулга уулзалтад оролцлоо.

Уг уулзалтаар цахилгаан холбооны цамхагийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид, мобайл операторууд, мэргэжлийн холбоодын төлөөлөгчид цуглаж, цахилгаан холбооны дэд бүтцийг хуваан ашиглах, өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээг нэвтрүүлэх, өргөтгөх, зардал бууруулах асуудлаар хэлэлцэж, туршлага солилцжээ.

 

Монгол Улсын төлөөлөгчид “Цамхагийн үйл ажиллагаан дахь зохицуулалтын асуудал” салбар хуралдаанд оролцож, Монгол Улсын цахилгаан холбооны зах зээлийн хөгжлийн талаар танилцуулга хийсэн бөгөөд “Технологийн хөгжлийн чуулган”, “Хууль эрх зүйн зохицуулалт”, “Вьетнам улсын цамхагийн зах зээл”, “Бангладеш улсын цамхагийн зах зээлийн төлөв байдал” дугуй ширээний ярилцлага, салбар хуралдаануудад оролцож, санал бодлоо хуваалцаж, туршлага судалжээ.

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж,  2017.01.11