НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙН ХЭРЭГЛЭЭ, ДАТА СЭТГҮҮЛ ЗҮЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙН ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Сэтгүүл зүйд нээлттэй өгөгдлийн хэрэглээг дэмжих төслийг ХБНГУ-ын Дойче Велле Академи, Хэвлэлийн Хүрээлэнгээс хамтран ирэх дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлэхээр өчигдөр нээлтийн уулзалт, хэлэлцүүлгийг Хэвлэлийн Хүрээлэнд зохион байгууллаа.

Дата буюу нээлттэй өгөгдлийн хэрэглээг дэмжих, дата сэтгүүл зүйн чиглэлээр ажиллах сэтгүүлчдийг чадавхжуулах зорилго бүхий уг төсөлд оролцохоор сэтгүүлчид, сэтгүүл зүйн багш, судлаач нар, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын мэргэжилтэн зэрэг 40 гаруй оролцогч иржээ.

Уулзалтын эхэнд Хэвлэлийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах төсөлд оролцогчдод дата сэтгүүл зүйн салбарын шинэ тутам хандлага, хөгжлийн талаар танилцуулга хийж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн зохицуулагч Ч.Нургуль төслийг дэмжиж оролцож буйгаа илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний ахлах зөвлөх, МУИС-ийн доктор Г.Амарсанаа, Үндэсний Статистикийн хорооны Мэдээллийн технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн нар өгөгдөл, түүний ашиглалтын талаар танилцуулга хийж, Сэтгүүл зүйд нээлттэй өгөгдлийн хэрэглээг дэмжих төслийн зөвлөх, дата шинжээч Роберт Ритц туршлагаасаа хуваалцлаа.

Уулзалтын төгсгөлд Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа хүрэлцэн ирж өгөгдөл, тэр дундаа статистик мэдээллийг хэрхэн ашиглах талаар сэтгүүлчидтай ярилцав. Төслийн оролцогчид таван бүлэгт хуваагдан, дата сэтгүүл зүйн бүтээл гаргахаар ажиллана.

Эх сурвалж: Монголын хэвлэлийн хүрээлэн 2019.01.18