Монгол Улсын Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний үр дүнг танилцууллаа

Монгол Улсын Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний үр дүнг танилцууллаа

 

ОНЦЛОХ ИШЛЭЛ:

 

ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн: “Өгөгдлийг ашиглан амжилттай ажилласан, үр ашгийг нь хүртэж байгаа олон улсын туршлага, сайн жишээг хангалттай олныг харж болно. Монгол улсад, бидэнд ч гэсэн ийм боломж бий.”      

Айлтүүлс ХК-ийн ТУЗ-ийн дарга А.Баттамир: “Монгол Улсад Нээлттэй өгөгдлийг хэрэглэх боломж бий.”

 

ТӨБЗГ-ын МТА-ны дарга Н.Цэрэнсамбуу: “Төрийн бүх байгууллага ӨГӨГДЛӨӨ МАШИН УНШИХ БОЛОМЖТОЙ болгоё.”

 

 

Нээлттэй өгөгдөл гэж “хэн ч чөлөөтэй ашиглаж, өөр зорилгоор хэрэглэж, дахин түгээж болдог, ихэвчлэн зохиогчийг заавал дурдах, ижил нөхцөлөөр дамжуулах лицензтэй цахим өгөгдөл” хэлдэг. Нээлттэй өгөгдлийг хөгжүүлснээр инновацийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангах, шинэ ажлын байр бий болгох, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох, үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

 

Монгол Улсын Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлыг үнэлсэн судалгааны үр дүнг өнөөдөр (2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр) МУИС-ийн номын санд олон нийтэд танилцуулах арга хэмжээ боллоо.

 

Танилцуулга арга хэмжээг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нээж хэлэхдээ, “Өнөөдөр өгөгдлийг шинэ зууны түүхий эд хэмээн үзэж байна. Өгөгдөл нь хэзээ ч хуучиршгүй, төрөл бүрийн зориулалтаар ашиглаж болдог, дахин дахин хуулбарлан хэрэглэх боломжтой маш ОНЦЛОГ МАТЕРИАЛ мөн. Энэ материалыг ашиглан амжилттай ажилласан, үр ашгийг нь хүртэж байгаа олон улсын туршлага, сайн жишээг хангалттай олныг харж болно. Монгол улсад, бидэнд ч гэсэн ийм боломж бий” хэмээн онцоллоо.

 

Монгол Улсад нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх, нээлттэй өгөгдлийн үндэсний хөтөлбөрийн боловсруулж хэрэгжүүлэх эхний алхам Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг (НӨББҮ) Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа  Ухаалаг засаг төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн байна. Үнэлгээг Дэлхийн банкнаас боловсруулсан НӨББҮ хийх аргачлал 3.1 хувилбарын дагуу хийжээ. Үүнд: нээлтэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг 8 хэмжүүрээр тодруулбал улс төр, удирдлагын манлайлал, өгөгдөл, мэдээллийн талаарх бодлого, эрх зүйн орчин, байгууллагын бүтэц, төрийн хариуцлага, чадамж, төрийн өгөгдлийн менежмент, төрийн өгөгдлийн эрэлт, нээлттэй өгөгдлийн хөтөлбөрийн санхүүжилт, технологийн үндэсний дэд бүтцийн хэмжүүрээр үнэлсэн.

 

Танилцуулга арга хэмжээнд Монгол Улс нээлттэй өгөгдлийг хөгжүүлэхэд бэлэн байгаа эсэхэд хийсэн дүгнэлт, сайжруулах арга хэмжээний талаар зөвлөмж, нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төрөөс нийтэлж болох гол өгөгдлийн бүрдлийг танилцуулав.

 

Үнэлгээний хувьд сайн буюу ногоон, дунд буюу шар, муу буюу улаан өнгөөр үнэлдэг бол Монгол Улсын нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ ШАР буюу ДУНД үнэлгээ авчээ. Үүгээр зарим хэмжүүрийн хувьд боломж бүрэн байгаа ч, заримыг нь сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэжээ.

 

Монгол Улсын төрийн байгууллагууд өгөгдлийг нээлттэй нийтэлж эхэлсэн сайн туршлагаас дурьдвал: Үндэсний статистикийн хорооны 1212.mn, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын opendata.tender.gov.mn, Улсын бүртгэлийн газрын opendata.burtgel.gov.mn зэрэг порталын өгөгдлийг ашиглах боломжтой болсон байна.

 

Танилцуулгад оролцогчдын анхаарлыг татсан хамгийн сонирхолтой илтгэл нь Айлтүүлс ХК-ийн ТУЗ-ийн дарга А.Баттамирын “Монгол Улсад Нээлттэй өгөгдлийг хэрэглэх боломж” сэдвээр тавьсан илтгэл байлаа. Тэрээр, “Монгол Улсад боломж бий. Хамгийн гол нь өгөгдлийн баяжуулалт, нээлттэй өгөгдлийг эцсийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал” болохыг онцлов. U-MONEY системийн өгөгдлийг ашиглан замын түгжрэлийг бууруулах боломж бий, E-BARIMT-ын өгөгдөл үнэ цэнэтэй нээлттэй өгөгдөл болохыг дурдьлаа.

 

Төрийн нээлттэй өгөгдлийн түгээж байгаа жишиг байгууллага Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Мэдээллийн технологийн албаны дарга Н.Цэрэнсамбуу: Худалдан авах ажиллагааны нээлттэй өгөгдлийг ашиглан чамгүй хэмжээний анализ дүгнэлт гарч болохыг жишээгээр харуулан Төрийн байгууллагуудыг “ӨГӨГДЛӨӨ МАШИН УНШИХ БОЛОМЖТОЙ” хэлбэрээр түгээхийг уриаллаа.

 

Танилцуулга арга хэмжээнд өгөгдөл, мэдээллийн асуудал хариуцдаг байгууллага, гол өгөгдлийн бүрдэл агуулагч/хадгалагч болон бусад өгөгдлийн бүрдэл эзэмшигч төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон өгөгдөл хэрэглэгч, мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулийн төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөл болон мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, инноваци, инкубаторын төв зэрэг олон талын 100 гаруй хүн оролцлоо.

 

НӨББҮ тайлан, илтгэл, бусад материалтай http://www.smart.gov.mn/mn/opendata/ холбоосоор орж танилцуулна уу.

Ухаалаг засаг төслийн

Төсөл хэрэгжүүлэх нэгж

2018.11.13