БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ ИЛТГЭЛЦЭЛ, ИЛ ТОД БАЙДЛЫН ХЭРЭГЛЭЭ

 

“Ухаалаг засаг” төслийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хамтран зохион байгуулж байгаа “ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ” сэдэвт семинар 2018 оны 5 сарын 17-ны өдөр  Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэллээ. Семинар 2 өдөр үргэлжилнэ.

Семинарт олон улсад нэр хүнд бүхий 6 эксперт, илтгэгч зочнооор хүрэлцэн ирж, үнэ төлбөргүй илтгэл тавьж байгааг дуулгахад таатай байна.

 

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН БОДИТ АЖЛУУДЫГ ТӨРӨӨС ХИЙЖ ЭХЭЛСЭН

 

Семинарын хамгийн эхний илтгэлийг ШУТИС-ийн Компьютерийн ухааны салбарын эрхлэгч, доктор, процессор А.Эрдэнэбаатар “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хурдасгуур- мэдээлэл харилцаа, холбооны технологи” сэдвээр тавилаа.

 

Доктор, процессор А.Эрдэнэбаатар “Аж үйлдвэрийн Дөрөвдүгээр хувьсгалын үед мэдлэг, оюун ухаан шаардсан хөдөлмөрийг машин орлож эхэлсэн”, ӨГӨГДӨЛ /дата/-ийг “Шинэ газрын тос” хэмээн үнэлж байгааг онцлон дурьдлаа.

 

Дараагийн илтгэлийг Харилбаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээлийн технологийн бодлого зохицуулалтын хэлстсийн дарга Б.Билэгдэмбэрэл “Дижитал шилжилт” сэдвээр тавьж, “Төрийн үйлчилгээг хүргэхдээ төр өөртөө тааруулж журам гаргаж түүнийгээ иргэдэд хэрэглэхийг тулгадаг жишгийг дижитал шилжилтээр халах цаг болсныг” онцоллоо.

 

Семинарын 3 дахь сэдэв төрийн үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хүргэхэд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодит ажлууд, ажлын төлөвлөгөө, хэрэгжилтийн талаар байлаа.

 

Үндэсний дата төвийн захирал Б.Батжаргал “Танилт, баталгаажуулалтын нэгдсэн системийн шийдэл /Single sign on/ ” сэдвээр семинарт оролцогчдод мэдээлэл хүргэлээ. Үндэсний дата төвөөс дотоод хүний нөөцдөө тулгуурлан төрийн үйлчилгээний мэдээлэл солилцох “Хур” системийг хөгжүүлсэн бөгөөд уг систем одоогийн байдлаар туршилтаар ажиллаж байна.

 

Илтгэлд төр иргэнээ цахим орчинд танихад 3 боломжийг бүрдүүлж байгааг танилцуулав. Үүнд: 1.тоон гарын үсэг, 2.гар утасны дугаарын бүртгэлд суурилсан нэг удаагийн нууц үг, 3.үндэсний цахим шууданд тулгуурсан нэг удаагийн нууц үг гэсэн 3 боломжоор иргэнээ цахим орчинд таниж, төрийн цахим үйлчилгээг хүргэнэ гэлээ. Иргэн төрөөс үйлчилгээ авахдаа зөвхөн нэг цахим хуудсаар дээрх боломжуудыг ашиглан нэвтрэнэ.

 

Үдээс өмнөх хэсгийн сүүлийн илтгэлийг АйТи зон ХХК-ийн дэд захирал, доктор Б.Цээсүрэн “Дижитал шилжилт хувийн хэвшилд” сэдвээр тавьлаа. Тэрээр 2020 он гэхэд бизнесийн 75 хувь нь уламжлалт хэлбэрээс цахим хэлбэр рүү шилжинэ гэдгийг онцоллоо.

 

Семинарын эхэнд тавигдсан 4 илтгэлийн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийг өрнүүлж, хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх Ж.Тамир хөтлөн явууллаа.

 

БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ ИЛТГЭЛЦЭЛ, ИЛ ТОД БАЙДЛЫН ХЭРЭГЛЭЭ

 

Семинарын эхний өдрийн үдээс хойш илтгэлүүд тун сонирхолтой боллоо. Олон улсын экспертүүд монгол, орос, солонгос 3 хэл дээр илтгэл тавьсан нь блокчэйн технологи олон улсын тренд сэдэв болж байгааг батлалаа.

 

Эхлээд, Солонгосын Шинжлэх ухаан технологийн ахисан судалгааны институтийн /KAIST/ докторын дараах судлаач Э.Түмэннаст блокчэйн технологийн онол, судалгаа, төрийн үйлчилгээнд хэрэглэх асуудлаар илтгэл тавьж, семинарт оролцогчдод мэдээлэл өгөв.

 

Доктор, судлаач Э.Түмэннаст 2022 он гэхэд Блокчэйн технологи энгийн хэрэглээ болно гэсэн судалгаа байдаг тухай дурьдаж, блокчэйн технологи зөвхөн цахим валют /Crypto currency/-ийн хэрэглээ биш, илгэлцэл, ил тод байдлын хэрэглээ болохыг жишээгээр дурьдлаа.
2017 онд delloitte.com сайтын мэдээлснээр блокчэйн технологийн топ хэрэглээнүүд нь газрын бүртгэл, мөнгө шилжүүлэх, сонгуулийн санал хураах, үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгчид найдвартай хүргэх борлуулалтын сүлжээ, эрүүл мэндийн салбар гэж зарлажээ.

 

Дараа нь, Солонгосын Блокчейн үйлдвэрлэлийг дэмжих ассоциаци (KBIPA)-ийн Бодлогын газрын дарга Ким Чеол Хван тус улсын блокчэйны экосистем, зах зээлийн талаар илтгэл тавилаа. Тус байгууллагаас блокчэйны үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршилтын цөөнгүй төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Хамгийн амжилттай төсөл нь блокчэйн технологид тулгуурсан түгээлтийн системийн төсөл байжээ. Солонгос хүмүүсийн хувьд махны асуудал маш чухал байдаг. Өвс, ургамал идсэн үхрийн мах хэрэглэж байгаа эсэхэд хэрэглэгчид эргэлздэг бөгөөд итгэлцэлийг бий болгоход блокчэйн технологи ашиглаж болохыг дурьдсан юм.

 

Семинарын эхний өдрийн хамгийн сүүлийн илтгэл авилгалтай тэмцэхэд блокчэйн технологийг ашиглах сайн туршлага байлаа. Энэ сэдвээр Украйны хөрөнгө оруулалт холдингийн үүсгэн байгуулагч Марк Гинзбург өөрийн мэдлэг, туршлага, хувь хүний түүхээс хуваалцлаа. Тэрээр блокчэйн технологид суурилсан “Ухаалаг гэрээ, хэлцэл” хийх хэрэглээг амжилттай нэвтрүүлсэн байна. Украйн улс авилгалын индексээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд энгийн жишээ дурьдвал олон мянган хүн кадастрын зурагт өөрчлөлт оруулснаар газар эзэмших эрхээ алдсан байдаг юм байна. Марк Гинзбург авилга, зөвшөөрөгдөөгүй үйлдлүүдийг блокчэйн технологийг ашиглан бүрэн зогсоох боломжтойд бүрэн итгэдэгээ илтгэлийн төгсгөлд хэллээ.

 

Семинарын эхний өдрийн үдээс хойш тавигдсан 3 илтгэлийн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлэгийг Солонгосын Шинжлэх ухаан технологийн ахисан судалгааны институтийн /KAIST/ докторын дараах судлаач Э.Түмэннаст хөтөлж явууллаа.

 

Семинар 2018 оны 5 сарын 18-ны өдөр үргэлжилнэ.

 

Семинарын зочин илтгэгчдийг танилцуулвал,

 

  • Ким Чеол Хван, Солонгосын Блокчейн Үйлдвэрлэлийг Дэмжих Ассоциаци (KBIPA)-ийн Бодлогын газрын дарга;
  • Э.Түмэннаст, Солонгосын Шинжлэх Ухаан Технологийн Ахисан Судалгааны Институт (KAIST)-ийн Докторын дараах судлаач;
  • Марияана Дахан, World Identity Network-ийн үүсгэн байгуулагч;
    Габриел Абед, Битт энд Дижитал Ассет сангийн үүсгэн байгуулагч;
  • Марк Гинзбург, Украйны Хөрөнгө оруулалт Холдингийн үүсгэн байгуулагч;
  • А.Эрдэнэбаатар, Ph.D, ШУТИС-ийн Компьютерийн ухааны салбарын эрхлэгч.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2018.05.17