БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД АШИГЛАЖ БАЙНА

“Ухаалаг засаг” төслийн чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа “ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ” сэдэвт семинар Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 2 дахь өдрөө үргэлжилж байна. Семинарт олон улсад нэр хүнд бүхий 4 эксперт илтгэгч зочноор уригдан, төрийн албан хаагчдад үнэ төлбөргүй мэдлэг, туршлагаасаа хуваалцаж байна.

 

 

 

 

2 дахь өдрийн семинарыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нээж үг хэллээ. Тэрээр Монгол Улсын Засгийн газрын дижитал шилжилтийн бодлогыг тодорхойлох, удирдлага зохион байгуулалт арга зүйн удирдамжаар хангах чиг үүргийг Мэдээлэл, харилцаа холбооны бодлогыг зөвлөл хэрэгжүүлж байгааг онцлов.

 

Дижитал шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай технологийн хүчин зүйлсийг бүрдүүлэх зорилгоор ХУР систем, иргэдийн цахим оролцооны систем, цахим албан бичгийн платформ бүрдүүлэх ажлуудыг хийж, түрүүчээс нь ашиглалтад оруулсан байна.

 

Энэ өдрийн эхний илтгэлийг World Identity Network-ийн үүсгэн байгуулагч Марияана Дахан блокчэйн технологийн давуу талууд, төрийн үйлчилгээнд ашиглаж байгаа загвар жишээнүүдийг танилцуулж, илтгэл тавьлаа. Тэрээр өмнөх өдрийн илтгэгчдийн үгийг баталж, блокчэйн технологи аюулгүй байдал, илгэлцэл, ил тод байдлын хэрэглүүр болохыг мэдээлэв. Блокчэйн технологийг Гүрж улсад газар эзэмших эрх олгоход, логистикт хэрэглэж байгаа загвар жишээнүүдийг онцоллоо.

 

Дараа нь Украйны Хөрөнгө оруулалт холдингийн үүсгэн байгуулагч Марк Гинзбург Цахим валют, банкуудын ирээдүй сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. Тэрээр одоогийн байдлаар блокчэйн технологид тулгуурсан цахим валют цөөн байгаа одоогийн биткойныг үнийг өсгөж байгаа, ирээдүйд томоохон байгууллагууд өөрийн цахим мөнгийг гаргаж эхлэхэд ханш буурна гэлээ.

 

Өнөөдрийн тавигдсан 2 илтгэлийн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлгийг ICT группын захирал Г.Лхамсүрэн хөтлөн явуулсан бөгөөд тэрээр Монгол улсын хувийн хэвшилд блокчэйн технологийг ашиглах хэд хэдэн амжилттай төслүүд хэрэгжиж эхэлсэн тухай мэдээлэв. Жишээ Даатгалын нэг компани үйлчилгээндээ блокчэйн технологийг ашиглах ажлыг эхлүүлсэн байна.
2 өдрийн семинарт ЕТГ, УИХТГ, ЗГХЭГ, яам, агентлаг, бусад төрийн байгууллагын төлөөлөл оролцож, 2 өдрийн турш дижитал шилжилт, блокчэйн технологийн талаар сайн туршлагаас сонсож, санал солилцож, хэлэлцлээ.

 

Зочин илтгэгчдийг дахин танилцуулвал,
• Ким Чеол Хван, Солонгосын Блокчейн Үйлдвэрлэлийг Дэмжих Ассоциаци (KBIPA)-ийн Бодлогын газрын дарга;
• Марияана Дахан, World Identity Network-ийн үүсгэн байгуулагч;
• Марк Гинзбург, Украйны Хөрөнгө оруулалт Холдингийн үүсгэн байгуулагч;
• А.Эрдэнэбаатар, Ph.D, ШУТИС-ийн Компьютерийн ухааны салбарын эрхлэгч.

 

 

 

 

 

 

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2018.05.18